Share Now

БЭРС ФИНАНС ББСБ НЬ GLOBAL GENDER-SMART FUND-ААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТЛАА
post image
БЭРС ФИНАНС ББСБ НЬ GLOBAL GENDER-SMART FUND-ААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТЛАА

Бэрс Финанс ББСБ нь Triple Jump-ийн хамтран удирддаг Global Gender-Smart Fund-аас 2 сая ам.доллартай дүйцэх хөрөнгө оруулалт татахаар боллоо. Тус байгууллага Triple Jump-ийн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалт, нарийвчилсан үнэлгээний өндөр шалгуурыг амжилттай хангасан юм.

Энэхүү хөрөнгө оруулалтын гол чиглэл нь Монголын эмэгтэй бизнес эрхлэгчид, эмэгтэйчүүдийн эзэмшдэг болон удирддаг бичил, жижиг, дунд бизнесүүдийн санхүүгийн хүртээмж, өсөлтийг дэмжихэд оршино. Үүний зэрэгцээ уг хөрөнгө оруулалт нь санхүүжилтийн шинэ эх үүсвэр бүрдүүлээд зогсохгүй Бэрс Финанс ББСБ-ын санхүүгийн тогтвортой байдал, эрсдэлийн удирдлага, ESG, хариуцлагатай санхүүжилт, AML/CFT, KYC болон жендэрийн хөрөнгө оруулалтын шаардлагад нийцсэн үйл ажиллагааг олон улсын түвшинд баталгаажуулсан чухал алхам болж байна.

 

Global Gender-Smart Fund нь хөгжиж буй зах зээл дэх эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эзэмшдэг, удирддаг бичил, жижиг, дунд бизнесүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой олон улсын жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын сан юм. Тус сан нь санхүүгийн өгөөжийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнесийн манлайлал, хариуцлагатай санхүүгийн тогтолцоог дэмжихэд чиглэдэг.

 

Бэрс Финанс ББСБ-д олгож буй санхүүжилтийн 80-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эзэмшдэг, удирддаг бизнесүүдэд чиглэнэ. Ингэснээр бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх санхүүгийн боломж эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү хүртээмжтэй хүрэх ач холбогдолтой.


 


Бэрс Финанс ББСБ нь уг эх үүсвэрийг зорилтот бүлгийн бодит хэрэгцээнд нийцсэн, хурдан, ойлгомжтой, хариуцлагатай зээлийн бүтээгдэхүүнээр дамжуулан хүргэж, дижитал санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлэхээр ажиллана.

 

Энэ хөрөнгө оруулалт нь зөвхөн гадаад эх үүсвэр татсан үйл явдал биш. Бэрс Финанс олон улсын хөрөнгө оруулалтын өндөр шалгуурыг хангаж, хариуцлагатай санхүүжилт, жендэрийн тэгш оролцоо, дижитал хүртээмжийг уялдуулсан дараагийн шатандаа гарч буйг илэрхийлж байна. Бид 2 сая ам.долларын санхүүжилтийг эмэгтэй бизнес эрхлэгчдийн бодит хэрэгцээнд нийцсэн санхүүгийн боломж болгон хүргэхээр зорьж байна” хэмээн Бэрс Финанс ББСБ-ын Гүйцэтгэх захирал онцоллоо.

 

Triple Jump нь 2006 онд Нидерландад байгуулагдсан нийгмийн эерэг үр нөлөөнд чиглэсэн хөрөнгө оруулалтын менежментийн олон улсын байгууллага бөгөөд санхүүгийн хүртээмж, жижиг дунд бизнес, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн чиглэлээр хөгжиж буй зах зээлүүдэд ажилладаг. Бэрс Финанс ББСБ нь тус байгууллагын нарийвчилсан шалгуур, үнэлгээг амжилттай давсан нь олон улсын хөрөнгө оруулалтын зах зээл дэх итгэлцлээ бэхжүүлсэн үзүүлэлт боллоо.

 

Бэрс Финанс ББСБ цаашид олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн өсөлт, санхүүгийн хүртээмж, эдийн засгийн оролцоог дэмжихэд хувь нэмрээ оруулна.